ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАМТРАН ӨМЧЛӨХ ДУНДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВСНЫГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ҮЗЭВ.
2023-09-26 Админ Хандсан тоо: 238 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.11.09-ний өдрийн магадлал №202/ДШМ/46 

Шүүхийн шийдвэрийн тойм №02, 2023.01.12

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Прокуророос иргэн С-г хохирогч А-гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж,  хууль бусаар нэвтрэн орж, 800000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг авч бусдад 950000 төгрөгийн хохирол учруулсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч С нь хохирогч А-гийн төрсөн хүү төдийгүй тэрээр насанд хүрсэн боловч одоог хүртэл эцэг, эхийн хамт амьдардаг, тухайн хулгайлсан гэх эд хөрөнгө нь шүүгдэгч болон хохирогчийн хувьд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан тэдний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдсон байна. 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... шүүгдэгч өөрийн эд хөрөнгөө авсан нь ... хулгайлах гэмт хэргийн шинжгүй...” гэж үзэн, шүүгдэгч С-д холбогдох хэргийг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ. 

Шүүхийн шийдвэрт гаргасан прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Хуульд зааснаар, гэмт этгээд бусдын өмчлөх эрхэнд халдаж бусдын өмчлөлийн эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосныг “хулгайлах” гэмт хэрэг гэж үздэг, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд бусад гэр бүлийн гишүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах эрхтэй. 

Шүүгдэгч С-ын хувьд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусад гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй авсан байх боловч энэ  нь “хулгайлах” гэмт хэрэг биш, хохирогч болон бусад гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл иргэний журмаар маргах боломжтой юм.

Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16054?daterange=2022-01-01%20-%202023-01-15&id=2&court_cat=2&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг