ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ БИЧГЭЭР БАЙГУУЛСАН ҮЕЭС ХҮҮ ШААРДАХ ЭРХТЭЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 189 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.12-ны өдрийн магадлал №202/МА2022/00018

Шүүхийн шийдвэрийн тойм №04, 2023.01.18

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Иргэн Д нь иргэн О-оос зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндэслэлдээ “... бид харилцан тохиролцоод нэг сарын хүүг 30 хувь байсныг 20 хувь буюу 939,200 төгрөг болгож багасгасан боловч хариуцагч огт төлөлт хийгээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 4,696,000 төгрөг, хүү 6,903,120 төгрөг, нийт 11,599,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О нь “үндсэн зээлийн үлдэгдэл 760,000 төгрөгийг төлнө, харин хүү төлөхгүй” гэж маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1,965,192 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 9,633,928 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...хариуцагчаас зээлийн хүүг багасгах хүсэлт албан ёсоор гаргаагүй байхад шүүх үндэслэлгүйгээр 9,633,928 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь, нэхэмжлэгч Д нь 6,400,000 төгрөгийг хариуцагч О-д зээлүүлсэн, үүнээс хариуцагч нийт 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, энэ талаар талууд маргаагүй. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулсан цаг хугацааг нэхэмжлэгч тал 2021.11.18–ны өдөр гэж, хариуцагч 2022.06.23-ны өдөр гэж тус тус маргасан бөгөөд хариуцагчаас “хүү төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй, гэрээг бичгээр байгуулах үед л хүү тохирсон” гэсэн тайлбар өгчээ.

Иргэний хуульд зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой ба уг шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах боломжгүй, иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан өдрөөс л эхэлж хүү шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн нотлох баримт болох “Барьцаагүй зээлийн гэрээ” нь 2021.11.03-ны өдрөөр огноолсон байх боловч уг гэрээг талууд 2022.06.12-ний өдөр нөхөж хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь энэ өдрөөс хойш хүү шаардах эрхтэй. Тухайн өдрийн байдлаар хариуцагч нь 6,400,000 төгрөгийн зээлээс 900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул уг дүнгээс хүү тооцно.

Гэвч анхан шатны шүүх зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг хэт өндрөөр буюу 30%-20% байхаар тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой гэж дүгнэн хариуцагчаас нийт 1,965,192 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/25568?daterange=2022-01-01%20-%202023-01-16&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа