БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
2023-09-26 Админ Хандсан тоо: 229 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.24-ний өдрийн магадлал №2022/ДШМЗ/15 

Шүүхийн шийдвэрийн тойм №15.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Иргэн Э нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, энэ үедээ жолооны эрхгүй байсан, түүнийг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх үйлдэлд нь  Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Т-ээс шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх уг саналыг үндэслэлтэй гэж үзэж, зөрчилд холбогдогч Э-д баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулахаар албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.Зөрчилд холбогдогч Э нь шийтгэврийг эс зөвшөөрч “... би 3-13 насны 3 хүүхдийн хамт амьдардаг …”,  “эрүүл мэндийн хувьд цээжний зөөлөн эдийн гэмтэл, баруун талын 10 дугаар хавирганы зөрүүтэй хугаралт оноштой эмчийн хяналтад байгаа” гэх зэрэг үндэслэл дурдаж, эмнэлгийн бичиг хавсарган, “баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр солиулах” агуулгатай гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад, шийтгэврийг хэвээр үлдээв. Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэлийг оногдуулахгүй тохиолдлыг  “... ганц бие эцэг ...”, “... баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй  хүн ...” гэж заасан  бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон “Э-ийн эхнэр түр хугацаагаар эзгүй байгаа” нөхцөл байдлыг ганц бие эцэг гэж үзэх үндэслэл болохгүй, мөн  зөрчилд холбогдогчоос ирүүлсэн баримтад дурдагдсан эрүүл мэндийн байдал нь баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц хэмжээний гэж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэж, шүүхээс Э-ийн гаргасан  зөрчилд түүнд оногдуулсан шийтгэл нь хүнд биш, зөрчлийн шинж чанар, зөрчилд холбогдогчийн хувийн байдалд тохирсон гэж үзсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг