ЗӨРЧЛИЙН НОТЛОХ БАРИМТ НЬ СТАНДАРТААР БАТАЛГААЖСАН ХЭМЖИЛТ-ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭНЭ
2023-11-13 Админ Хандсан тоо: 158 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.22-ны өдрийн магадлал №2023/ДШМЗ/04

Тоймын дугаар, огноо:  №38

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас Р.А-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн.
Анхан шатны шүүх саналыг хянан хэлэлцээд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.
Учир нь эрх бүхий албан тушаалтнаас  зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж зөрчилд холбогдогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа  стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэлд үндэслээгүй буюу зөрчилд холбогдогчийг зохих журмын дагуу драйгер /багаж/-ийг үлээхээс татгалзсан, үлээгээгүй эсхүл шалгуулахаас зайлсхийсэн аль нь болохыг тогтоогоогүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэж үзсэн.  
Энэ нь Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д заасны дагуу согтууруулах ундаа ... хэрэглэсэн эсэхийг шалгахдаа ... зориулалтын багаж, хэрэгслийг ашиглах, ... шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж мөн журамд заасан хэмжээнд илэрвэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх тухай шаардлагад нийцээгүй, ийнхүү тогтоогоогүй байна.
Түүнчлэн журамд зааснаар хэрвээ “Жолооч энгийн аргаар шалгуулахаас татгалзсан, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн бол согтуурал шалгах багажаар шалгаж, тогтооно” гэснийг эрх бүхий албан тушаалтан анхаараагүй, хэрэгжүүлээгүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхийг зөрчилд холбогдогч Р.А-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх нь тогтоогдоогүй” гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа