ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭЗЭМШЛИЙН ГАЗРАА ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ГЭРЭЭНД ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ 2 ЖИЛ ДАРААЛАН АШИГЛААГҮЙ БОЛ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО.
2023-09-26 Админ Хандсан тоо: 216 ХуваалцахТоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.15-ны өдрийн 114/ШШ2023/0007
Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 21, Дугаар 3
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/302 дугаар захирамжаар иргэн Ц-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
Иргэн Ц-ээс 2012 онд Орон сууц, үйлчилгээний барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулж, 2013 онд скиз зураг зуруулан газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажлаа хийж байтал 2019 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удаашралтай байгаа нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан гэж марган аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тодруулбал: Газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 2 жилийн дотор иргэн Ц нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, уг газар нь атраараа байгаа ба бодитоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн үйл баримт тогтоогдохгүй. Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас хамаарахгүйгээр газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, төлөвлөсөн объектоо барьж байгуулах боломжтой байсан байна гэж шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: www.shuukh.mn/single_case/12691?daterange=2023-01-01%20-%202023-04-17&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг