ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ИРГЭН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОНО
2023-09-26 Админ Хандсан тоо: 178 Хуваалцах

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.03-ны өдрийн 114/ШШ2023/0008

Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 01, Дугаар 5

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Улсын байцаагч Н 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д-г эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүй эмийг импортолсон гэж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар илгээмжээр ирсэн 2 хайрцаг, 4 ширхэг эмийг хураан авч,100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ..

Нэхэмжлэгчээс “Миний бие тус эмийг эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн хяналтад орж 2016 оноос хойш хэрэглэж байгаа,миний амь настай зайлшгүй холбоотой. Энэхүү эм нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, эсхүл хэмжээ нь зааж журамласан зүйл байхгүй байхад зөрчил үйлдсэн гэж тооцож эмийг хураан авч намайг хохироож байгаад гомдолтой байна” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

     Тодруулбал: Нэхэмжлэгч Д-д Герман улсаас илгээмжээр ирсэн “Foster Next haler” гэх нэртэй эм нь импортлогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн Фостер /beclometasone-formotero/ эмийн хаяглалт, савлалт нь Foster Next haler эмээс өөр байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн  маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна гэж шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/12794?daterange=2023-01-01%20-%202023-05-11&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг