ХОХИРОЛ ТӨЛСӨН НЬ ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 225 Хуваалцах
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.03.02,  дугаар: 2022/ШЦТ/100

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй.

Санамж: Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.З-г хутгалж, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэгт холбогдсон.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.П-г амь хохирогч Г.З-г олон удаа буюу нийт 30 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж төлөхөө илэрхийлснийг мөн харгалзан үзэж хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан бөгөөд хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэж заасан боловч тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон буюу амьд явах эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хор уршгийг арилгах боломжгүй болдог тул хорих ял хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү

Бүрэн эхээр нь дараах линкээр уншина уу.

https://shuukh.mn/single_case/74031?daterange=2022-01-01%20-%202023-01-18&id=1&court_cat=2&bb=1

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.