НУТАГ ДЭВСГЭРИЙН ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ЗАХИРГААНЫ ХЭРЭГ, МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.
2023-09-21 Админ Хандсан тоо: 205 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 144 дүгээр захирамж

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Д.А нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцуулж, нөөцийн бүртгэлд бүртгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын ямар үйл ажиллагааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгааг тодорхойлж, хариуцагч захиргааны байгууллагын оршин буй газрын захиргааны хэргийн шүүхэд хандахаар хуульчилсан. 

Мөн Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгсөн байх тул уг албан бичгийн талаар болон төрийн албаны нөөцийн бүртгэлтэй холбоотой шийдвэр гаргах эрх бүхий төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлогдсон хариуцагч тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн харьяалалд хамаарахгүй байх тул хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд буюу Нийслэлд дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахыг дурдан  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Хураангуйг бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн