ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭМ БУРУУГҮЙ БОЛ ХОХИРЛЫГ ТӨЛӨХГҮЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 154 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шийдвэрийн огноо дугаар: 2022.12.26-ны өдрийн 133/ШШ2023/00007
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тойм: 2023.01.13, шийдвэр №1
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгаас Говь-Алтай чиглэлд “Б” компанийн Фургон автомашиныг Бат жолоодож явахдаа Замын ажлын Донгфенг машиныг мөргөснөөр зам тээврийн осол гарсан бөгөөд уг ослоос Фургон автомашинд сууж явсан Баатарын биед хүнд гэмтэл учирчээ. Цагдаагийн байгууллага уг ослыг шалгаж, шүүхээс Зам ажлын Донгфенг автомашины жолооч Мягмарыг Замын хөдөлгөөний дүрмийн “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж, ойртон ирж явсан Фургон машиныг өнгөрүүлэхгүйгээр замын зорчих хэсэг рүү нэвтэрснээс осол гаргаж, Баатарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Мягмарын ажиллаж байсан байгууллага болох Зам ажлын компаниас 79,0 сая төгрөгийн хохирлыг гаргуулж Баатарт олгож шийдвэрлэсэн байна.
Иргэн Баатар нь өөрийн зорчиж явсан Фургон автомашины жолооч Батаас дээрх шүүхийн шийдвэрээс хойш гарсан эмчилгээний зардал 50,036,225 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Бат зам тээврийн осолд намайг буруугүй болохыг тогтоож Прокурорын тогтоолоор надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Баатарын эмчилгээний зардлыг би хариуцахгүй гэж маргасан.
Ховд аймгийн Прокурорын газраас зам тээврийн осолд Бат буруугүй болохыг тогтоож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд иргэн Мягмар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Баатарын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул үүнийг дахин нотлохгүй. Иймд шүүх нэхэмжлэгч Баатарын биед учирсан хүнд гэмтэлд хариуцагч Бат гэм буруугүй тул Баатарын эмчилгээний зардлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүрэн харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/124853?daterange=2022-12-01%20-%202023-01-23&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн