АЛТ ОЛОХ ГЭЖ ДУР МЭДЭН ГАЗАР УХВАЛ ЯЛ АВААД ЗОГСОХГҮЙ ЭД ХӨРӨНГӨӨ Ч ХУРААЛГАНА
2023-09-21 Админ Хандсан тоо: 196 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, Шийтгэх тогтоолын дугаар- Говь Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023/ШЦТ/04
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 2023.01.12   Тойм-1

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй болно. 
Агуулга: Иргэн Э нь Говь-Алтай аймгийн Ч сумын 2-р багийн нутаг дэвсгэр Х гэх нэртэй газарт  2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр алт гарч байна гэсэн дам сургаар очин бага оврын трактор, тог баригч, алт баригч, шороо шигшигч зэрэг техник хэрэгсэл ашиглан, алт олох зорилгоор 38,8 м/кв талбайг ухаж байгаль орчинд 33,844 (гучин гурван мянга найман зуун дөчин дөрөв) төгрөгийн хохирол учруулсан байна.Говь Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг гэж үзэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон байна. Шүүгдэгчийн тухайд хууль тогтоомжид заасан журмын дагуу авсан тусгай зөвшөөрөл байхгүй атлаа дур мэдэн өөрийн эзэмшлийн техник хэрэгслийг ашиглан алт олох зорилгоор газар ухсан тул түүний үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн. 
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д газрын хэвлийд учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж төлөхөөр заасан тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурорт хүлээн авч 5,800 (таван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс шүүх торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгох...” зохицуулалтуудыг хэрэглэн газар ухсан бага оврын трактор, тог баригч мотор, шороо шигшигч, алт баригч зэрэг техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгов.
Шийдвэрийг бүтнээр харах бол энд дарна уу

Говь Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга