ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй худалдвал гэмт хэрэгт тооцогдоно
2023-09-21 Админ Хандсан тоо: 204 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023 оны 04 сарын 05 өдөр №04
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Прокуророос иргэн С-г үл таних хүний хөрөнгийг иргэн Б-д худалдан борлуулж хулгайлсан, мөн “манай найз зарна гэсэн” хэмээн Б-г төөрөгдөлд оруулж хуурч, мөнгө авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх С-н үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор “хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Бусдад худал хэлж хуурах, иргэний эрх зүйн гэрээг ашиглах аргаар эд хөрөнгө ба уг хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн үндсэн арга юм.
Шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн иргэний эрх зүйн гэрээг залилах гэмт хэргийн халхавчинд тооцдог.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл С-ийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад анхан шатны шүүх илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Мөн шүүх хуралдаанд уншиж сонсгосон тогтоолын тогтоох хэсэг хэргийн оролцогч нарт гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт С-д холбогдох хулгайлах гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагатай бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчилд тооцогдох тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16823?daterange=2023-01-01%20-%202023-04-14&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг