ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН ТАЛААР ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙХАД ИРГЭНИЙ ЖУРМААР ДАХИН ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ
2023-09-21 Админ Хандсан тоо: 184 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 141/ШШ2023/00025
Тоймын дугаар, огноо: 2023.01.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Б нь "Содмөнх-Ундраа” ХХК-д гэрээгээр ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44-ийн зах дээр "Киа пронтер” маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ иргэн Т-г мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон байна.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч "Содмөнх-Ундраа” ХХК-иас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй талаар дурдаж шийдвэрлэжээ.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь амь хохирогч Т-г дундаж наслалтаар хэчнээн жил амьдрах, тухайн хугацаанд цалин хөлс болон тэтгэвэр тэтгэмж хэдийг авах байсныг болон алдагдсан боломж, сэтгэл санааны хохирол зэргийг үнэлгээний компаниар үнэлүүлэн, бүхэлд нь хор уршгийн зардал гэж үзээд 89,548,600 төгрөгийг иргэн Б-ээс нэхэмжилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан тул дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудлуудыг дахин нотлох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн 1 жилийн хугацаа дуусгавар болсон байх тул уг хугацаанд хор уршиг арилгах талаар хүлээлгэсэн үүрэг мөн дуусгавар болсон гэж шүүх үзсэн болно.
Түүнчлэн Б-г гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор уг гэмт хэргийн улмаас Б-г хохирогчид болон бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар түүнээс дахин хохирол тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125818?daterange=2023-01-01%20-%202023-05-21&id=1&court_cat=1&b
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан