ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АЙЛГАХ ГЭЖ БУУДААД ХҮНИЙ АМЬ ХОХИРООВ
2023-11-15 Админ Хандсан тоо: 162 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/12
Тоймын дугаар, огноо: 2023.01.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт төрөл садангийн холбоотой иргэн 52 настай Б, 38 настай Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д-г Б-ийн адууг хулгайлсан гэдэг шалтгааны улмаас маргалдсан байна.
Маргааны дараа Б-г гэртээ харьсан байх үед Д үеийн залуучуудтай мотоциклоор гэрийнх нь гадаа очиход тэднийг зодохоор ирлээ гэж ойлгосон Б гэрээсээ буу гарган харанхуйд буудсан /айлгах зорилгоор гэж тайлбарладаг/ нь Д-г онож, амь насыг нь хохироожээ.
Хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илрэх бөгөөд Б нь өөрийн хийж буй үйлдлийн хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж байсан боловч үйлдсэн үйлдлээрээ үр дагаварт хүргэж, хохирогчийн амь насыг хохироож буй нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл айлгах зорилгоор буудсан гэдэг нь болгоомжгүй үйлдэл болохгүй бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нийгмийн зүй зохист харилцааны талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдал, хоорондын харилцааны зохисгүй хандлага, архидан согтуурсан байдал, ахмад настнаа хүндлэх, өөрөөс дүү хүнд үлгэрлэх нийгэм, гэр бүл, төрөл садны харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ алдагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Иймд Б гэрийнх нь гадаа ирсэн хүмүүсийг айлгах гэж буудсан талаараа шүүхэд тайлбарласан хэдий ч шүүх түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хуульд заасны дагуу хорих ялаар шийтгэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84828?daterange=2023-01-01%20-%202023-05-21&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан