ХОНИН АРЦЫГ ТҮҮСЭН БЭЛТГЭСЭН, ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2023-09-21 Админ Хандсан тоо: 175 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/10

Тоймын дугаар, огноо: 

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Б-г Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэр “Хатавчийн ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр “хонин арц” нэртэй ургамлыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.

Эрүүгийн хуульд “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр” хуульчилжээ.

“Хонин арц” гэх дээрх ургамал нь байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон нэн ховор ургамал бөгөөд “Байгалийн ургамлын тухай” хуулийн хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад багтдаг тул шүүгдэгч Б-г уг ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тогтоохыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүж бэлтгэсэн арцыг хурааж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Байгаль Орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлэхээр заасан тул шүүгдэгч Б-ийн ургамлын аймагт учруулсан 13,474,800 төгрөгийг экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлж 67,374,000 төгрөгийг түүнээс гаргуулж, Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд заасны дагуу байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгов.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84183?daterange=2022-12-01%20-%202023-02-03&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа