СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ №1 - ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАСАН БУРУУТАЙ ЖОЛООЧ ХОХИРОЛ ХАРИУЦНА
2023-11-15 Админ Хандсан тоо: 222 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн 131/ШШ2022/00735 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм: №01, 2023.01.16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Нэхэмжлэгч Анунхангай ХХК нь хариуцагч Н.Л-ээс өөрийн автомашинд учирсан эд хөрөнгийн хохирол 7.202.348 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан байна.

Зам тээврийн ослыг шалгасан Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 08 сарын 28-ны өдрийн 2932 дугаартай эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар "Н.Л нь Монгол Улсын ЗХД-ийн 11.14 д заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан” гэж дүгнэн 0027100 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Л-ийг 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулсан үйлдлээс шалтгаалан иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэсэн бол мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно..гэж тус тус нэхэмжлэгчийн шаардах эрхийг хуулиар тодорхойлсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн Мастер Үнэлгээ ХХК ийн 2022 оны 08 сарын 14,15-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээгээр "Анун хангай ХХК ийн өмчлөлийн Ниссан дуалис маркийн ХӨҮ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 5383550 төгрөг” гэж тогтоосон тайлан, Delta service засварын газрын 1555985 дугаартай ажлын хуудас, дүгнэлт, Nissan garage зарлагын баримт, Авто крафт граж ХХК ийн төлбөрийн нэхэмжлэх зэргээр нэхэмжлэгч Анунхангай ХХК-ийн Ниссан дуалис маркийн ХӨҮ улсын дугаартай автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг бодитойгоор тооцон гаргахад ач холбогдолтой, нотлох баримтыг шүүхээс үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөх, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн цуглуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх зам тээврийн ослыг шалган тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эд хөрөнгийн хохирлын үнэлгээг гаргасан үнэлгээний тайлбар, хохирол нэхэмжилсэн бусад бичмэл нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэн хариуцагч Н.Л-ээс 6,419,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Анунхангай ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 783.298 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ хэргийг шийдвэрлэх явцад зам тээврийн осол гаргасан жолооч нь өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг жолоодож явснаас иргэний эрх зүйн маргаанд Н.Л-ийн эхнэр Б.Ш нь хамтран хариуцагчаар татагдан оролцсон, нэхэмжлэгчийн зам тээврийн осолд өртөж хохирсон авто машины өмчлөл нь хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байснаас шалтгаалж, хуулийн этгээдийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн зорчигч нь хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зэрэг процессын ажиллагаа хийгдсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл