ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ №2 - АСРАН ХАМГААЛЖ, ТЭЖЭЭН ТЭТГЭЖ БАЙСНЫГ ШҮҮХЭЭС ТОГТООВ
2023-11-15 Админ Хандсан тоо: 173 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.06 131/ШШ2023/00076
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: 2023.01.27, Шийдвэр хураангуй-02
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Иргэн П-ээс "Талийгаач Д нь хүү Б, Г нарыг тэжээн тэтгэгч /тэжээгч/ байсныг тогтоолгох” хүсэлтийг анхан шатны иргэний шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Т нь нөхөр Д-тэй гэрлэлтээ батлуулаагүй, хамтын амьдралтай байх үедээ хүү Б, Г нарыг төрүүлж, эх Т-ээр овоглосон, хүүхдүүд эцэг Д, эх Т нарын асрамжид өсөж байсан нь тогтоогджээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэл нь талийгаач Р.Дашзэвэг нас барснаар түүний асрамжид байсан насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэхэд хүүхдүүд эцгээрээ овоглоогүй, талийгаач нь хүүхдүүдийн эцэг гэдэг нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр түүний асрамжид хүүхдүүд байсан эсэх, эцэг нь тэжээн тэтгэж байсан эсэхийг тогтоох шаардлага үүссэн гэж тайлбарлажээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд / хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд, үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй..гэж хуульд тодорхойлсон байна. Шүүх хүсэлтийг хэлэлцээд хүсэлт гаргагчийн оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зураг, өрхийн бүртгэл, хүн амын тооллогын баримт зэргийг үндэслэн талийгаач Д нь хүү Б, Г нарыг асран хамгаалж, тэжээн тэтгэж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.
Хураангуй бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл