ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ НЬ БИЧГЭЭР БАЙГУУЛАГДАЖ, УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭНЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛНО
2023-11-15 Админ Хандсан тоо: 177 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн 131/ШШ2023/00002 Шийдвэр

Тоймын дугаар, огноо: №3, 2023.02.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч "Х” ХХК нь зээлдэгч Г-тэй байгуулсан "Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 21,756,522.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд О "...өөрийн өмчлөлийн газрыг банкны барьцаанаас чөлөөлж авах чин хүсэлтэй байна” гэж тайлбар гарган маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч "Х” ХХК болон хариуцагч Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гуравдагч этгээд О, нэхэмжлэгч "Х” ХХК-тай өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул хэлцлийг хүчин төгөлдөр, нэхэмжлэгч "Х” ХХК нь хариуцагч Г төлбөрийг сайн дураар эс төлбөл гуравдагч этгээд О-ийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж