АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЖУРМЫГ МӨРДӨЖ АЖИЛЛУУЛААГҮЙГЭЭС АЖИЛТАН ГЭМТЭЖ БЭРТЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО
2023-09-21 Админ Хандсан тоо: 215 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/37

Тоймын дугаар, огноо: 

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга:  Ажил олгогч Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан журмыг хангаагүйгээс ажилтан Ж нь өндрөөс унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна.

Прокуророос Б-г Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ажил олгогч Б нь ажилтантай амаар тохиролцон ажлын байрны тодорхойлолтгүй, гэрээ байгуулаагүй ажилласан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 дэх заалтыг,

Аюулгүй ажиллагааны дүрэм, журамгүй, ажилтанд танилцуулаагүй, сургалтын хөтөлбөргүй, нийт ажилтнуудад сургалт хийгээгүй, шалгалт аваагүй, бие даан ажиллах зөвшөөрөл олгоогүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.1-17.2.3, 174 дэх заалтыг зөрчсөн байна.

Ажил олгогч аюулгүй байдлаа хангаагүй улмаас ажилтан өндрөөс унаж биедээ хүндэвтэр гэмтэл авсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ дэх заалтыг тус тус зөрчсөн нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд шүүгдэгч б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/85884?daterange=2023-01-01%20-%202023-04-27&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал