ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ОРОН БАЙРАНД НЭВТЭРЧ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЛЭЭ
2023-09-21 Админ Хандсан тоо: 281 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/01
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Н.Н..нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө З…аймгийн Ц… сум, -дугаар баг, тоотод оршин суух иргэн Ц.Г-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлсан хэрэгт холбогдсон.
Прокуророос Н.Н-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэдгийг бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон байранд уг хориглолтыг эвдэж эсхүл сэм орж бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авахыг ойлгоно.
Н.Н нь Ц.Г-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг нууц далд аргаар авсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэж түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “ … хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч прокурортой оногдуулах ялын талаар тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/83622?daterange=2022-12-01%20-%202023-05-16&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. НАНДИНЦЭЦЭГ