ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЖОЛООДОХ ЭРХГҮЙГЭЭР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН БОЛ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА
2023-09-21 Админ Хандсан тоо: 154 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ЗШ/150
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Холбогдогч Э нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон үедээ согтууруулах ундаа хэрэглэж L… маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Холбогдогч Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулж дахин эрх нь сэргээгдээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн системийн жолоочийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд холбогдогч Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д зааснаар /тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан/ дуусгавар болсон байна.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “…шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль /%/ хувь, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль хувь илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд холбогдогч Э-ын согтолтыг Alcotest багаж ашиглан шалгахад 2.37 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон.
Шүүх холбогдогч Э-д шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ цагийн албадан сургалтад хамруулж, 8 /найм/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал