ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ОЛЖ АВСАН ГАЗАР ЭЗЭМШИГЧИЙН ЭРХЭД ХАЛДАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ
2023-09-21 Админ Хандсан тоо: 151 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 118/ШШ2023/0003

Тоймын дугаар, огноо: 2023 оны 03 дугаар сарын 14, Дугаар 6

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга:  Аймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжаар “… зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр урьд гаргасан 2019 оны А/162 дугаар захирамжийн “ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “ХС” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хохирол гаргуулах шаардлага бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг үндэслэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй газрыг бусдад эзэмшүүлэх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд дээрх шаардлагыг хангасан гэж үзэж, нэхэмжлэгч “ХС” ХХК-д 2019 оны А/138 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн мөртлөө уг захирамжийг “Хотын хөгжлийн төлөвлөгөө” гэх хожим 2020 онд батлагдсан баримт бичгийг үндэслэн хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Энэ маргааны тухайд захиргааны байгууллагаас тухайн газрыг эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалт зарлаж, төсөл сонгон шалгаруулалтад оролцож газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын хүрээнд хамгаалагдахаар байна гэж дүгнэж, Аймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжийн “ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин маргаан бүхий захирамжийг нэгэнт шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх шууд сэргээгдэхээр байгаа тул хариуцагчаас хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12418?daterange=2023-01-01%20-%202023-03-30&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг