НЭР ДЭВШИГЧ ИРГЭНИЙ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ЗӨРЧИХДӨӨ МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ ТАРААХ, БАРАА, ЭД ЗҮЙЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХУДАЛДАХ, АЛИВАА ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ БОЛОН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ҮЗҮҮЛСЭН НЬ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БАЙХ ШААРДЛАГАТАЙ
2023-09-21 Админ Хандсан тоо: 178 Хуваалцах

Тоймын төрөл: Шийвэрийн тойм.

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.13, 111/ШШ2023/0005 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Тоймын дугаар, огноо: 8, 2023.09.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Нэхэмжлэгч И Ө нар нь шүүхэд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай "Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолын нэр дэвшигч Б, Н нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч Б, Н нарын нэр дэвшиж өрсөлдсөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Аймгийн иргэдийн төлөөлөгч Б, Н нар нь сонгуульд оролцохдоо мөнгө тарааж,сонгогчдын сонгох эрхийг зөрчсөн ,нэхэмжлэгч Ө нь мөн энэ үйлдлээрээ миний сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Сонгуульд нэр дэвшигч нь мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор уг үйлдлийг зөрчсөн болохыг тогтооно гэж үзлээ."Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн” тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т ”Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.гэж заасан байна. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санал хураалтын дүн гарсан байх бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэр дэвшигч нарын тус хуулийн 47 дугаар зүйлийн 47 1.1.-д "мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлсэн” гэх үйлдэл нь эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн "Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн” тухай хуулийн 5 дугаар зүйлийн "5.2.-д "18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч И нь сонгогдох эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бусдын буюу нийт сонгогчдын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж тайлбар гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх” тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, 52.5.1-д "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн.” -өөр тодорхойлогдоно гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодорхойлсонгүй гэж шийдвэрлэжээ.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг