ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛЬ САХИУЛАГЧИЙН ТАВЬСАН ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ИРГЭНД ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-07-26 Админ Хандсан тоо: 167 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.06.26 2023/ШЦТ/141
Тоймын дугаар, огноо: №04 2023.07.26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Э нь Хэнтий аймгийн Х сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Х буудлын урд тээврийн хэрэгслийн жолооч Э-д хууль ёсны шаардлага тавихад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цагдаагийн албан хаагч А-гийн толгойн тус газарт цохиж, мөн боох, гарыг нь мушгих зэргээр эсэргүүцэн биед нь халдаж хүч хэрэглэсэн үйлдэлд нь тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүхээс Э-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Хууль сахиулагч гэх ойлголтод олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагч хамаарах ба хууль зөрчсөн иргэдээс тэдгээрийг эсэргүүцэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад болох тохиолдол цөөнгүй гардаг тул энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-аар шийтгэхээр заасан ба энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй бөгөөд хүч хэрэглэн эсэргүүцсэн үеэс төгс үйлдэгдсэн тооцогддог юм.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/90621?daterange=2023-01-01%20-%202023-07-27&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр