ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ, ХАМТРАН АМЬДРАГЧАА ЗОДСОН БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
2023-03-02 Админ Хандсан тоо: 199 Хуваалцах

Тоймын төрөл: Магадлалын тойм

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2023 оны 02 дугаар сарын 08 2023/ДШМ/03

Тоймын дугаар, огноо

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр болоогүй шийдвэр

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ... настай, эрэгтэй Ц нь “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдсон, прокуророос түүнийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т-г зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгчид торгох шийтгэл оногдуулсан байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй, хохирогч худал мэдүүлэг өгсөн, гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй” гэх агуулгаар гаргасан гомдлоор хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй тогтвортой мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан
гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, гомдлыг хангахгүй орхисон байна.

Магадлалыг бүрэн эхээр нь харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/16512?daterange=2023-01-01%20-%202023-02-
28&id=2&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү