ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ НӨХЦӨЛ, ЖУРМЫГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ
2023-07-05 Админ Хандсан тоо: 162 Хуваалцах

Тоймын төрөл: Магадлалын тойм

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2023 оны 05 дугаар сарын 10 2023/ДШМ/19

Тоймын дугаар, огноо

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр болсон шийдвэр

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчид 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3.9325 м3 хэмжээтэй мод, түүнийг бэлтгэсэн цахилгаан хөрөө зэргийг
хурааж улсын төсөвт шилжүүлэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийтгэл оногдуулсан байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн “...шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй ял шийтгэл оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх агуулгаар гаргасан гомдлоор хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг шүүх зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн байна.
Хуульд заасан үндэслэлээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан нөхцөл журмын дагуу өөрчлүүлэх боломжтой.

Магадлалыг бүрэн эхээр нь харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/17083?daterange=2023-01-01%20-%202023-07-
04&id=2&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам