ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗӨРЧЛИЙГ БҮРЭН НОТЛОХ БАРИМТГҮЙГЭЭР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ БОЛОХГҮЙ
2023-02-01 Админ Хандсан тоо: 184 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022.11.14 126/ШШ2022/0032
Тоймын огноо, дугаар: 2023.02.01 №01
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь иргэн Б-ийн зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахайн мах тээвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулжээ.
Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Б-ийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, зэрлэг гахайг зөвшөөрөлгүй агнасан эсхүл
тээвэрлэсэн эсэхийг тогтоолгүйгээр шийтгэл ногдуулсан нь буруу” гэж уг шийтгэлийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн.
Улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын хяналт дор явуулсан, Б нь бусдаас зэрлэг гахайн махыг худалдаж авч, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн зөрчлөө хүлээсэн. Тиймээс тухайн сумын байгаль хамгаалагч, байцаагч нараас тодруулга аваад цахимаас хараад хэрэгт хавсаргах шаадлагагүй гэж үзсэн гэжээ.
Зөрчлийн тухай хуульд хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай агнасан уу, эсхүл зөвшөөрөлтэй агнасан амьтны ангийн махыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн эсэхийг улсын байцаагч тогтоолгүйгээр Б-д зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахайн мах тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл оногдуулсан байна.
Б-г гэрээ болон зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай агнасан эсэхийг нотлох баримтаар тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан гэж прокурор дүгнэсэн нь зөв байх тул Б-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх бол: https://shuukh.mn/single_case/11777?daterange=2022-11-01%20-%202023-02-
01&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Ганчимэг