ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗӨРЧИЛД ХУУЛЬД ЗААСАН ШИЙТГЭЛИЙГ ЗӨВ ОНОГДУУЛАХАД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
2023-02-10 Админ Хандсан тоо: 179 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2023.02.03 No126/ШШ2023/0047
Тоймын дугаар, огноо: Шүүхийн шийдвэрийн тойм №1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б нь А барилгын материалын дэлгүүрээс 100.000 төгрөгийн худалдан авалт хийхэд төлбөрийн баримт өгөөгүй гэсэн гомдлыг Хөвсгөл аймгийн татварын хэлтэст гаргаж, тус хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг
явуулж А дэлгүүрт “стандартын шаардлага хангасан кассын болон пос машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй” гэж шийтгэл оногдуулжээ.
Уг шийтгэлийн хуудсыг Хөвсгөл аймгийн прокурорын газраас “...материалд цугларсан нотлох баримтуудтай танилцахад А дэлгүүрийн эзний мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй, мөн “төлбөрийн баримт олгоогүй”, эсхүл “татвар төлөгч нь стандартын шаардлага хангасан кассын болон пос машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй” зөрчлийн алиныг нь үйлдсэн болохыг шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр шийтгэл
оногдуулсан нь буруу” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн.
Татварын байцаагч нь прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч “А дэлгүүр нь нэгдсэн системд бүртгүүлж эрхээ авах, кассын машин тоног төхөөрөмжөө суурьлуулах, татварын албанаас QR код авах зэрэг төлбөрийн баримт өгөх боломжийг бүрдүүлж амжаагүй байсан учраас төлбөрийн баримт олгоогүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох боломжгүй байсан” гэж маргажээ.
Зөрчлийг шалгасан тэмдэглэлд “...иргэн Б-ийн худалдан авалтын төлбөрийн баримтыг олгоогүй болох нь төлбөрийн баримтын систем болон ярилцлагын тэмдэглэл, ажлын зураг авалтаар тогтоогдож байна” гэсэн боловч эдгээр баримт зөрчлийн материалд байхгүй,
Шийтгэлийн хуудсанд зөрчлийн шинжтэй үйлдлийг “төлбөрийн баримт олгоогүй” гэж тодорхойлсон боловч шийдвэрлэх нь хэсэгт “төлбөрийн баримт олгоогүй, эсхүл татвар төлөгч нь стандартын шаардлага хангасан кассын болон пос машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй” гэж өөр зөрчлийг дурджээ.
Шүүхээс татварын байцаагч нь А дэлгүүрийн гаргасан гэх зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах заалттай нийцэж байгаа эсэхийг тогтоогоогүй, мөн эрх бүхий этгээдийн тэмдэглэлд дурдсан баримтууд нь зөрчлийн хэрэгт байгаагүй тул прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/12391?daterange=2023-01-01%20-%202023-02-
10&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор