ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
МАЛЧНААР АЖИЛЛАЖ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ ТОДОРХОЙЛОХ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР НОТЛОХ БАРИМТАД ҮНДЭСЛЭХ ЁСТОЙ
2023-03-31 Админ Хандсан тоо: 191 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр
сарын 20-ны өдрийн 126/ШШ2023/0014 дугаар шийдвэр
Тоймын дугаар, огноо: №2, 2023.03.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Н нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Орон тооны бус зөвлөлөөс гаргасан шийдвэрээр тэтгэвэр тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын байгууллагын татгалзлыг хууль бусад тооцож, тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Нийгмийн даатгалын байгууллагад даалгах” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 1995 оны 01 дүгээр сараас 1997 оны 12 дугаар сарыг дуустал 36 сарын хугацаанд малчин өрх байснаа тогтоолгосон.
Гэвч зөвлөл нь шийдвэр гаргахдаа иргэн Н-ийг 1995, 1996, 1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлох мэдээлэл агуулаагүй баримтаар малчнаар ажиллаж байсныг тогтоосон байв.
Тиймээс Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Н-ийг малчнаар ажиллаж байсныг нотлох баримт байхгүй байхад малчнаар ажиллаж байсныг нь тогтоосон сумын зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.
Мөн зөвлөлдөө дахин хандаж нотлох баримтаа гаргаж шийдвэрлүүлэхийг зөвлөснийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс зөвлөлийн гаргасан шийдвэрийг хянах эрхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгч Н-д нотлох баримтаа гарган өгч малчнаар ажиллаж байснаа дахин тогтоолгох боломж нээлттэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг үндэслэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн шийдвэрийг хянах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр нь унших бол:https://shuukh.mn/single_case/12347?daterange=2023-01-01%20-%202023-03-
30&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг