ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗӨРЧИЛ ГАРГАГЧИЙГ ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД БИЕЧЛЭН ОРОЛЦУУЛНА
2023-04-05 Админ Хандсан тоо: 180 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2023.03.01 No126/ШШ2023/0059
Тоймын дугаар, огноо: №2, 2023.04.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгаль орчны улсын байцаагч нь иргэн А-г “...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан” гэж шийтгэл оногдуулжээ.
Иргэн А-гаас “өөрт нь холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдээгүй, холбогдогчийн мэдүүлэгт миний нэрээр гарын үсэг зурагдсан байна, уг гарын үсэг миний гарын үсэг биш”, “..манай компани нь хөрөө рамны чиглэлээр 3 дахь жилдээ 20 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхад нягтлаагүй” гэсэн үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Улсын байцаагчаас “гомдол гаргагчтай биечлэн уулзаагүй ч утсаар холбогдсон бөгөөд түүний эхнэрээр дамжуулан мэдүүлэг авсан, аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтарсан хяналт шалгалт байсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн талаар тодруулах ажиллагаа хийсэн” гэж маргажээ.
Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдогчийн хуулиар олгосон ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхийг зайлшгүй эдлүүлэх ёстой.
Гэтэл улсын байцаагч нь А-г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр түүний эхнэрээс тайлбар авч, хэргийн материалыг
танилцуулсан, мөн А-тай утсаар холбогдсон гэж тайлбарлах боловч зөрчлийн хэрэгт баримт байхгүй.
Мөн улсын байцаагч А-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх талаар баримтыг холбогдох байгууллагаас авахаар шаардсан гэх боловч энэ талаар баримт хавсаргаагүй байна.
Шүүхээс улсын байцаагч нь А-ийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, түүний гаргасан гэх зөрчлийн талаар нотлох баримтыг бүрдүүлж, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:https://shuukh.mn/single_case/12595?daterange=2023-01-01%20-%202023-04-
03&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор