ХУУЛЬД ХАРШЛААГҮЙ, БУСАД ЭТГЭЭДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХӨНДӨӨГҮЙ БОЛ НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН ЭВЛЭРЛИЙГ ШҮҮХ БАТАЛНА
2023-07-28 Админ Хандсан тоо: 182 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2023.06.21-ний өдрийн 126/ШШ2023/0174

Тоймын дугаар, огноо: 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагатай.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Б-д Түнэл сумын Ногоон буланд 250000 м2 газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн нэг гэрчилгээ олгожээ. Гэтэл тус газар нь нэг нэгж талбарт багтах боломжгүй байсан тул газрын даамал хоёр хэсэгт хуваан хоёр нэгж талбар газрыг зааж өгсөн байна.
Иргэн Б түүнд олгосон 250000 м2 газар нь бодит байдал дээр хоёр хэсэгт хуваагдан олгогдсон учир нэгж талбар тус бүртээ газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг Түнэл сумын Засаг даргад гаргасан.
Уг хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга түүнд 120697 м2 хэмжээтэй нэг нэгж талбар газарт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, үлдсэн газарт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй бөгөөд урьд нь 250000 м2 газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч Б түүнд анх олгосон хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нэгж талбар тус бүрт олгуулахыг, түүний хүсэлт гаргасан газарт гуравдагч этгээд Э, В нарт давхардуулан газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн.
Нэхэмжлэгч Б, хариуцагч Засаг даргатай шүүх хуралдааны үеэр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээ нь гуравдагч этгээд В, Э нарын газар эзэмших эрхийг хөндөөгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж ... шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг
хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болно” гэж зааснаар шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13281?daterange=2023-06-01%20-%202023-07-
21&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Ганчимэг