ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ САНАЛ ГАРГАСАН ХУГАЦААНД НӨГӨӨ ТАЛД ДАХИН МЭДЭГДЭЭГҮЙ БОЛ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ ЭРХЭЭ АЛДАНА
2023-11-15 Админ Хандсан тоо: 186 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхий нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023-01-13. 155/2023/ШШ00083.
Тоймын дугаар, огноо: Дугаар 01, 2023 оны 01 сарын 19
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Агуулга: Нэхэмжлэгч П хариуцагч Н-д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, барьцаагаар шилжүүлсэн портер маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “өөрийн эзэмшлийн ногоон тэжээл тариалах зориулалттай 50 га газрыг 10.000.000 төгрөгөөр үнэлж, Н-д зарж, тус газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцон, 2019 оны 6 дугаар сард гэрээ байгуулж, газрын үнэд 6.000.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сард дансаар өгөхдөө барьцаанд нь миний портер маркийн автомашиныг Н өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Газрын үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөг төлсөн тухай 2021 оны 5 дугаар сард үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан боловч төлбөрийг өгөөгүй. Намайг хуурч 4.000.000 төгрөг өгсөн мэт дүр үзүүлэн гэрээ хийсэн гэж тайлбарласан.
Хариуцагч Н “...гэрээнд заасны дагуу газрын үнэд 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд П нь 4.000.000 төгрөгийг одоо өгчих, надад хэрэгтэй байна, барьцаанд нь унаж яваа портер маркийн автомашинаа чиний нэр дээр шилжүүлж өгье гэж гуйгаад байсан тул бараа авах бэлэн мөнгөнөөс 4.000.000 төгрөг өгсөн. Би 2019 онд тус газрыг хагалж, эдлэншүүлж байгаад 2020, 2021 онд улаан буудай тариалсан. Энэ хугацаанд П гэрээнээсээ татгалзаж байна гэж надад хэлж байгаагүй, харин ч 50 га газрыг миний нэр дээр шилжүүлэхээр хүсэлт өргөдөл өгч байсан боловч сумын Засаг дарга тухайн газрын хэмжээ зөрүүтэй байна гээд одоо болтол шилжүүлж өгөөгүй гэж маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар П, Н нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, газрын үнэ 6.000.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сард дансаар өгч авсан болох нь тогтоогдсон.
Харин иргэн П 2021 оны 5 дугаар сард үүрэг дуусгавар болсон тухай гэрээнд заасан 4.000.000 төгрөгийг аваагүй, тэрээр уг мөнгийг авахаар Н-ээс шаардаж байсан, гэрээнээс татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдсэн эсэх талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.
Шүүх иргэн П газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үүрэг дуусгавар болсон тухай гэрээнээс татгалзах санал тавьж, гэрээнээс татгалзах хугацааг Н тогтоосон, тус хугацаанд П нь нөгөө талд дахин мэдэгдэж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх бол: https://shuukh.mn/single_case/125039?daterange=2023-01-01%20-%202023-02-
02&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба