ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ БИЧИГ БАРИМТ ЗӨРЧИЛТЭЙ БОЛ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖ БОЛНО
2023-11-15 Админ Хандсан тоо: 206 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023-01-26. 155/2023/ШШ00123.

Тоймын дугаар, огноо: Дугаар 02, 2023 оны 02 сарын 15

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Нэхэмжлэгч С нь хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ...миний албан ёсны бүх баримт бичиг ээжийн нэрээр овоглосон бүртгэлтэй байдаг. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба хаасан тухай лавлагаа авахад А-гаар овоглож, зөрүүтэй бичигдсэн байна. Энэ байдлаас шалтгаалан миний 3 жил цэргийн алба хаасан
хугацаа нь улсад ажиллаж байснаар тооцогдох боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар С нь А-гаар овоглосон нэрээр хугацаат цэргийн албыг 3 жилийн хугацаатай хаасан болох нь тогтоогдсон.
Иймд шүүх дээрх үйл явдлыг батлах баримтыг өөр журмаар олж авах боломжгүй тохиолдол гэж дүгнэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба