ГЭРЭЭНД ЗААСАН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН БОЛ ХӨЛСИЙГ ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 190 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023-01-26. 155/2023/ШШ00126

Тоймын дугаар, огноо: Дугаар 03, 2023 оны 03 сарын 10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Н-д холбогдуулан ажлын хөлс 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ...иргэн Н нь манай компанитай амаар хэлцэл хийж, өөрийн хашаанд нэг метрийг 210.000 төгрөгөөр тооцож, худаг гаргах, цооног өрөмдлөгийн ажил хийлгэхээр тохиролцон ажлаа эхлүүлсэн. Худаг гаргах, цооног өрөмдөж гаргах усны хэмжээний талаар тохиролцоогүй ба ажлын хөлсний урьдчилгаанд 11.000.000 төгрөг авч, нийт 102м гүн цооног өрөмдөж, ус гаргаж өгсөн. Гэтэл Н нь бага ус гарсан гэдэг шалтгаанаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байгаа тул мөнгөн дүнгээ багасгаж, 8.000.000 төгрөг гаргуулж авна гэж тайлбарласан.
Хариуцагч Н халуун ус, авто угаалгын газрын хэрэгцээг хангах хэмжээний ус гаргуулах чадалтай худаг ухуулахаар амаар тохирч, урьдчилгаа төлбөрийг төлсөн. Худаг өрөмдөж гаргасан ус нь 24 цагийн хугацаанд 800 литрээс нэг тонн орчим ус гарч, авто угаалгыг ч дангаар нь хангаж чадахгүй байгаа тул халуун усны газрыг ашиглалтад оруулж чадаагүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчид худаг гаргах, цооног өрөмдлөгийн ажил хийх талаар амаар тохирч, 102м гүн цооног өрөмдөж, ус
гаргасан, ажлын хөлсөнд 11.000.000 төгрөгийг дансаар өгч авсан болох нь тогтоогдсон.
“Ц” ХХК, Н нар худаг гаргах цооног өрөмдөх өрөмдлөгийн ажлын үр дүнд гарах усны хэмжээг тохиролцсон талаар нотлох баримт байхгүй бөгөөд хариуцагч Н шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.
Иймд шүүх нэхэмжлэгч “Ц” ХХК нь худаг гаргах цооног өрөмдөж, ус гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул хариуцагч Н хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба