БЭЛЧЭЭРИЙН МАРГААНААС ҮҮДЭН ХҮН ЗОДСОН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-01-16 Админ Хандсан тоо: 182 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/13

Тоймын дугаар, огноо: 2023.01.16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Иргэн А нь өөрийн гэрийн гадаа хохирогч Т-тэй бэлчээрийн хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч А нь шүүхийн хэлэлцүүлэгт, “... хохирогч Т-г би зодоогүй, намайг гүтгэж байна” гэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А нь өөрийн гэрийн гадаа 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Т-тэй бэлчээрийн хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, биед хоёр нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхи, уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч А-г гэм буруутай гэж үзэв.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, тогтвортой мэдүүлсэн байх ба дээрх гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялын төрлийг сонгон, түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих юм.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/84213?daterange=2023-01-01%20-%202023-01-
23&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир