ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ОЙД МОД БЭЛТГЭСЭН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2023-02-09 Админ Хандсан тоо: 156 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.01.24 2023/ШЦТ/39
Тоймын дугаар, огноо: №01 2023.02.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Х нь Хөвсгөл аймгийн Г сумын М гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг 2,10 метрийн урттай 1.6 м3 хуш мод ойд бэлтгэж, экологид 485,726 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхээс Х-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Х-д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу Х-ийн нь экологи эдийн засагт учруулсан 485,726 төгрөгийн хохирол учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,457,178 төгрөгийн хохирлыг Х-ээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.
Ойгоос мод бэлтгэхдээ иргэд эрхийн бичигт заасан хугацаанд, болон заасан хэмжээгээгээр, зөвшөөрсөн газраас, зөвшөөрсөн зориулалтаар бэлтгэх шаардлагатай. Хэрэв дээр дурдсаны аль нэгийг зөрчсөн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84474?daterange=2023-01-01%20-%202023-02-
15&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Хүрэлбаатар