ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
2023-09-19 Админ Хандсан тоо: 194 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/17

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Прокуророос шүүгдэгч М-г 2022 оны 09 дүгээр сарын дундуур Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ол овоо” гэх газарт бэлчээрлэж байсан тус сумын иргэн Г-н 2 тооны үхрийг мотоцикл буюу машин механизм ашиглан хулгайлж 1.700.000 /Нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, алдагдсан малын үнэлгээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон малд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, алдагдсан гэх малыг хохирогч буюу өмчлөгчид таниулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нь нотлогдсон тул түүнийг “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэг үйл явдал болох үед хохирогч Г нь хуримд явсан буюу эзгүй, түүний  мал 7 хоногийн хугацаанд  хариулгагүй байсныг алдуул мал гэж үзэх боломжгүй бөгөөд алдуул мал гэдэгт сүргээсээ тасарч өөр газар нутагшиж идээшсэн, эзэн өмчлөгч нь тодорхойгүй байхыг хамааруулан ойлгох ба өөрийн бэлчээртээ хариулгагүй байгааг алдуул мал гэж үзэхгүй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл /мотоцикл/-г  ашигласан байх тул Эрүүгийн хуулийн  7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд