ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТОД ЗААСАН ЧИГ ҮҮРЭГ ДЭЭР ТОДОРХОЙ АЖЛУУД НЭМЭГДСЭНЭЭР ОРОН ТОО ХАСАГДСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-09-19 Админ Хандсан тоо: 172 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анханшатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэр.

Тоймын дугаар, огноо:  2023.05.23         Дугаар 09

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга:  Иргэн Ш нь тус аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсан. 

Захиргааны байгууллагаас “бүтэц өөрчлөгдсөн буюу орон тоо хасагдсан, энэ нь шинээр бий болсон албан тушаал” гэж, иргэн Ш-ээс “орон тоо хасагдаагүй, албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч миний урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа” гэж тус тус маргасан.

Шүүх дээрх маргааны үйл баримтад дүгнэлт хийгээд захиргааны байгууллагын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, иргэн Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан.

Тодруулбал шинээр бий болсон гэх албан тушаалын тодорхойлолтоос үзвэл иргэн Ш-ийн урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг дээр тодорхой ажлууд нэмэгдсэн ч үндсэн агуулга нь хэвээр тул орон тоо хасагдсан гэж үзэх боломжгүй.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа