ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АМЬТАН АГНАСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2023-04-13 Админ Хандсан тоо: 163 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.02.14 2023/ШЦТ/69
Тоймын дугаар, огноо: №3 2023.04.13
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн О нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хөвсгөл нуураас хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологид 200.000 төгрөгийн шууд хохирол учруулжээ.
Шүүх О-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт
зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг агнасан гэм буруутай үйлдлийн улмаас улсын амьтанд 200.000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөсөн хэмжээгээр буюу 400.000 төгрөгийн хохирол, төлбөрийг тооцож, мөрдөн шалгах ажиллагааны шатанд О нь 400.000 төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот дансанд төлж барагдуулсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөдхохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалынсанд оруулна” гэж заасан байх тул О-ийн хохирол төлсөн 400.000 төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040
тоот дансанд олгуулахаар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий загас агнах зориулалттай тор 2 ширхгийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лоом 1 ширхэг, хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг устгахаар шийдвэрлэсэн.
О нь Улсын тусгай хамгаалалтай газраас зөвшөөрөлгүйгээр загас агнасан нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт хамаарна.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/87169?daterange=2023-01-01%20-%202023-04-
13&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн