ОРОЛЦОГЧИЙН ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ
2023-09-19 Админ Хандсан тоо: 203 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.06.07, 2023/ШЗ/451 шүүгчийн захирамж

Тоймын дугаар, огноо:  № 05, 2023.07.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Шүүгдэгч Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авах, өмгөөлөгчөө сонгох, сонгосон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж,  5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж тус тус заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б-д өмгөөлөгчөө сонгох, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжийг олгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ”улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма