ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГАЗРЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛААГҮЙ ГЭДГИЙГ ТОГТООСНЫ ЭЦЭСТ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
2023-06-26 Админ Хандсан тоо: 178 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 04 дүгээр сарын 06 өдөр, Дугаар 125/ШШ2023/0013
Тоймын дугаар, огноо: №10, 2023.06.26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б-ын газар эзэмших эрхийг газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
Б нь газрын төлбөрийг төлсөн, тухайн газарт тариа тарьж байсан, мөн бургас тарьсан, ковидын жилүүдэд тариа тарьж чадаагүй гэж, Булган сумын Засаг дарга тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нутгийн иргэд ч мэднэ, би газар дээр нь очиж үзэхэд тариа ногоо болон мод тариагүй байсан гэж тайлбарладаг.
Иргэн Б нь 2017 оноос 5.48 га газрыг тариа ногоо тарих, ойжуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан.
Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан.
Ингэхдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг тогтоосон байх шаардлагыг Газрын тухай хуулиар зохицуулсан.
Шүүхээс хариуцагч Булган сумын Засаг дарга нь иргэн Б-ыг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг тогтоолгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцээгүй гэж үзэн Булган сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/12785?daterange=2023-01-01%20-%202023-06-01&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Янжиндулам