ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛСНЭЭР ҮҮСДЭГ
2023-11-15 Админ Хандсан тоо: 219 Хуваалцах

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122

Тоймын дугаар, огноо: Дугаар 06, 2023 оны 04 дүгээр сарын 14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Иргэн Бат нь эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргаснаар Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 02 сарын 16-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар уг газрыг түүнд өмчлүүлжээ. Бат нь өмчлөх эрхээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр  газрын хууль ёсны өмчлөгч болсон байна. Гэтэл тухайн газарт иргэн Чимгээ нь 2011 оноос эхлэн амьдардаг бөгөөд газрыг байшингийн хамт байшингийн өмчлөгч Амраагийн ах болох Билгүүнээс худалдаж авсан, уг газрын өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

      Нэхэмжлэгч Бат нь газраа иргэн Чимгээгээс чөлөөлүүлэхийг хүсэж шүүхэд хандсан ба 2011 оноос тус газарт иргэн Чимгээ амьдардаг гэдэгт маргахгүй байна. Чимгээ нь байшинг худалдаж авахдаа байшингийн хууль ёсны өмчлөгч Амраагаас биш түүний төрсөн ах Билгүүнээс худалдаж авсан, Билгүүн нь байшингийн гэрчилгээг Чимгээгийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон байна. Амраа нь одоо хүртэл тухайн байшингийн хууль ёсны өмчлөгч бөгөөд байшинг Чимгээд худалдахыг зөвшөөрөөгүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр мэдүүлэв. Амраа нь байшинг худалдаж авсны дараа байшин байрлаж буй 1935 м.кв сул газарт хашаа татаж,  хашааны газрын эзэмшигчээр бүртгүүлэхээр хүсэлт гаргахад газрын талаар маргаан гарснаар газар эзэмших эрхийг олж аваагүй  байжээ. Өөрөөр хэлбэл, 2020 он хүртэл уг маргаан бүхий газрын эзэмшигч, өмчлөгчөөр хэн ч бүртгэгдээгүй байна. Амраа нь 2009 оноос хойш өөрийн өмчлөлийн байшинд амьдраагүй, тус байшинг Чимгээ амбаарын зориулалтаар ашигладаг байна. Хашааны газрыг иргэн Бат эзэмшихийг хүссэн хүсэлтээ Амраад гаргасан, Амраа нь байшингийн газрыг түүний эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрснөөр 2020 онд анх удаа тус хашааны газрын эзэмших эрхийг Бат олж авч, газар өмчлөх эрхийг  улсын бүртгэлд бүртгүүлжээ. Чимгээ нь хэдийгээр тухайн байшинг Амраагийн төрсөн ах Билгүүнээс худалдаж авсан ч үл хөдлөх эд хөрөнгө  худалдах-худалдан авах хэлцэл өмчийн эзэн болох Амраагийн зөвшөөрлөөр хийгддэг тул Чимгээг байшингийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй.  

     Чимгээ нь байшинг хууль ёсны өмчлөгч Амраагаас  худалдаж аваагүй, газрыг эзэмших, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул шүүхээс газрын өмчлөгч Батын шаардлагын дагуу түүний өмчлөлийн газрыг  Чимгээгийн эзэмшлээс чөлөөлүүлж, Чимгээгийн тухайн газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125656?daterange=2023-01-01%20-%202023-04-28&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан