ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
НОТЛОХ БАРИМТЫГ ЗАСВАРЛАЖ ХУУЛЬ САХИУЛАГЧИД ӨГӨХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО
2023-05-29 Админ Хандсан тоо: 236 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/108
Тоймын дугаар огноо: №02
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Б-г Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг “50” хувь гэж тогтоосныг “80 хувь” болгон засварлаж, зөрчлийн хэрэгт нотлох баримтаар гарган өгснийг прокуророос “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж автомашин жолоодох зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт засвар оруулж эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгсөн үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нь Эрүүгийн хуульд заасан хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд энэхүү гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсных байх, шударга ёсыг тогтоох зорилгын эсрэг үйлдэл бөгөөд баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөх зорилгоор уг баримтыг засварлаж зөрчлийн хэрэгт нотлох баримтаар өгсөн нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан.
Ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан Б-г 2’700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225’000 төгрөгөөр 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон.
Шийдвэрийг цахимаар үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/88677?daterange=2023-01-01%20-%202023-05-29&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа