ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
НӨХЦӨЛ БАЙДЛЫГ НЭМЖ ТОДРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ШҮҮХЭЭС ЗАХИРГААНЫ АКТЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ДАХИН ШИЙДВЭРЛҮҮЛНЭ.
2023-03-23 Админ Хандсан тоо: 211 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022.11.25-ны өдрийн 125/ШШ2022/0028
Тоймын дугаар, огноо: Дугаар 8, 2023 оны 03 сарын 23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга:
Төрийн аудитын байгууллагаас “ТХ” ХХК-ийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хииж гүйцэтгэсэн орон сууцны гаднах талбайн тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгаж акт тогтоожээ.
“ТХ” ХХК нь гэрээний ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн, зарим ажлыг захиалагчийн зөвшөөрлөөр өөрчилж хийхдээ бусад ажилтай дүйцүүлж тооцсон байхад төлбөрийн акт тогтоосонд гомдолтой гэж, Төрийн аудит нь ажлыг чанаргүй, дутуу хийсэн, ажлын даалгаварт заасныг зөрчсөн тул акт тогтоосон гэж маргасан.
Хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэг ажлыг захиалагчийн зөвшөөрсөнөөр өөрчилж хийсэн, зарим тохижилтын ажил хийсний дараа эвдэрсэн, дутсан байсан боловч акт тогтоохоос өмнө засаж сэлбэсэн үйл баримт тогтоогдсон.
Шүүх Төрийн аудит нь холбогдох мэдээлэл, нотлох баримтыг бүрэн цуглуулж нягталж шалгалгүй, хийж гүйцэтгэх ёстой ажил болон дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртөг зардлын зөрүүг нарийвчлан тооцоолоогүй, хийгдээгүй гэх ажилд материалын өртгөөр тооцож төлбөр тогтоосоноос шалтгаалан илрүүлсэн зөрчил, тогтоосон төлбөрийн дүн тохирохгүй, акт нь бодит нөхцөлд нийцээгүй үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэсэн.
Эдгээр нөхцөл байдлыг шүүхээс залруулах боломжгүй, тухайн акт тавьсан байгууллага нэмж тодруулж, дахин шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж Төрийн аудитын актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж, энэ хугацаанд дахин шинээр акт гарган шийдвэрлээгүй бол “ТХ” ХХК-д ногдуулсан Төрийн аудитын акт хүчингүй болох талаар дурдав.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/11774?daterange=2022-01-01%20-%202023-03-23&id=1&court_cat=3&bb=1