ТАЛУУД ХҮСЭЛ ЗОРИГОО БОДИТОЙГООР ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ БОЛ ХУДАЛДАХ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 200 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх,  2023.02.15 №115

Тоймын дугаар, огноо: №3, 2023.03.15 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

Агуулга:  Нэхэмжлэгч А хариуцагч С-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 3.316.100 төгрөгт 2000 кг төмс, 1300 кг лууван гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч С “...Иргэн У-аас ногоо худалдан авахаар тохиролцож, миний дансанд 4.700.000 төгрөг шилжүүлж, тухайн өдөр 1.383.900 төгрөгийн төмс, лууван ачаад явсан. 4.700.000 төгрөг орж ирсний дараа У нь эргэж яриад 740.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан. 20 хоногийн дараа миний бие зоорь руу ороход ногоо хөгц цохисон байхаар нь У-тай ярьж манай ногоо муудаж байна, мөнгөө эртхэн буцааж ав гэхэд орой нь манайд ирээд өөрийнхөө данс руу 2.576.100 төгрөгийг шилжүүлэн авсан. Би А-г танихгүй, түүнтэй амаар болон бичгээр ямар нэгэн тохиролцоо хийгээгүй тул мөнгийг төлөхгүй...” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...би У-тай хамт очиж ногоо авсан, захирал А-ийн данснаас С-ийн данс руу 4.700.000 төгрөг шилжиж орсон...” гэж тайлбарлах боловч мөнгө шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдоогүй.

Хариуцагч С өөрийн дансанд 4700.000 төгрөгийг хүлээж авсан гэдэгт маргаагүй боловч уг мөнгийг нэхэмжлэгч А биш, иргэн У шилжүүлсэн гэж ойлгосон, мөн ногооны үлдэгдэл 3.316.100 төгрөгийг У-д буцааж өгсөн гэж маргадаг бөгөөд уг тайлбар нь хэрэгт авагдсан түүний хувийн харилцах дансны хуулгаар тогтоогдсон тул нэхэмжлэгч А, хариуцагч С нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуульд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж тус тус зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл нь гэрээ байгуулах үндэслэл болдог.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээ байгуулагдсанаар шаардах эрх үүсэх бөгөөд гэрээ байгуулагдах үндэслэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх тул зохигчдын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосМонгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын