ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛЬД ЗААСАН ХЭЛБЭРИЙН ШААРДЛАГА ХАНГУУЛАХААР ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСНЫГ БУРУУ ГЭЖ ҮЗЭВ
2023-02-16 Админ Хандсан тоо: 169 ХуваалцахТоймын төрөл: Магадлалын тойм
Шүүхийн нэр, магадлалын дугаар: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Тоймын дугаар, огноо: 2023.02.16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Шүүгдэгч З нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн М сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн Л-ийн амь насыг хохироож, “авто тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Прокуророос З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Прокурор эсэргүүцэлдээ “...хоорондоо гэр бүлийн хамааралтай хүмүүс хохирогч болон шүүгдэгч болсон тохиолдолд богино хугацаанд учир зүйгээ олох, бие биеэсээ хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй байх тохиолдолд хор уршиг нэхэмжлэхгүй байж болохгүй гэж тулган шаардах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь гэр бүлийн гишүүдээс гадна хоорондоо эвтэй байдаг, мөн шүүгдэгч З нь өөрийн талийгаач охин Л-ийг бүх талаар дэмждэг байсан тул шүүдэгчээс хохирол мөнгө нэхэмжлэхгүй, миний хохирол мөнгийг барагдуулж өгсөн байгаа” гэх хохирогчийн мэдүүлэг, байр суурь нь хөндлөнгийн ямар нэг нөлөөнд автаагүй эсэх талаар шүүх дүгнэлт хийж, “хохирол бодитой төлөгдсөн” байх
хуулийн шаардлагыг агуулгын хувьд хангасан гэж дүгнэх боломжтой байхад “заавал хэдэн төгрөгийн хохирол учирсан, түүнийг нь бодитой төлсөн эсэхийг тогтоох ёстой” гэх хэлбэр төдий шаардлага тавьж, хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг төлөгдсөн эсэхийг хянах үүрэгтэй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нь эхнэр, нөхөр байгаа тохиолдолд заавал нөхрөөс нь хохирол гаргуулж, эхнэрт нь олгох шаардлагагүй юм. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож
шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын
дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn холбоосоор танилцах боломжтой.
Тоймыг бэлтгэсэн: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр