ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ БАЙХ НЭМЭЛТ БАТАЛГАА ЭДЛЭХГҮЙ
2023-02-13 Админ Хандсан тоо: 195 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022.05.19-ний өдрийн 125/ШШ2022/0012
Тоймын дугаар, огноо: №6, 2023 оны 02 сарын 13
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга:
Б сумын шинээр томилогдсон Засаг дарга нь Засаг даргын орлогч О.Б-г ажлаас чөлөөлсөн. О.Б нь намайг ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч Засаг дарга нь улс төрийн үзэл бодол нийлэхгүй, өөр намын гишүүн учир хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас чөлөөлсөн гэж тус тус маргажээ.
Улс төрийн албан тушаалтан нь бүрэн эрхийн хугацаандаа сонгуулийн үр дүнгээр олонхи болж мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл улс төрийн албан тушаалтныг улс төрийн шийдвэр гарган томилох чөлөөлөх бүрэн эрхтэй.
Засаг даргын орлогчийн албан тушаал нь сонгуулийн үр дүнгээр томилогддог улс төрийн албан тушаал болохын хувьд төрийн албан хаагчийн эдлэх эрх, нийтлэг баталгааг эдлэх хэдий ч төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг эдлэх боломжгүй гэж ойлгоно.
Иймд шүүхээс Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн орлогчийг ажлаас чөлөөлсөн захирамжийг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, О.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:https://shuukh.mn/single_case/10251?daterange=2022-01-01%20-%202022-08-13&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл