ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦАЛЖ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ЭХИЙНХ НЬ АСРАМЖИД ҮЛДЭЭЖ, ЭЦГЭЭС ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭВ
2023-11-15 Админ Хандсан тоо: 219 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн, дугаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.10.12 №581
Тоймын дугаар, огноо: №1, 2023.01.30
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч С.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч С.Б нь эхнэр М.Б-тэй эвлэрэх хүсэлттэй, гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, дахин эвлэрлийн хугацаа олгож өгнө үү гэж маргажээ.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч М.Б нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч С.Б эвлэрэх боломжгүй гэсэн байх тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгосон мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрлэгчдэд эвлэрлийн 3 сарын хугацаа өгч хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч зохигч эвлэрээгүй бөгөөд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлийг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэж заасан байх боловч энэ нь зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой, гэрлэгчдэд эвлэрлийн 3 хүртэл сарыг олгож тухайн ажиллагааг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр явуулдаг.
Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарлаж, гэрлэлтийг цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл шүүх зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээг нэг л удаа хэрэглэхээр хуульчилсан.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Хураангуй бэлтгэсэн: Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ