ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАХУУЛ АВСАН АЛБАН ТУШААЛТАНД ЯЛ ОНОГДУУЛСАН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
2023-01-11 Админ Хандсан тоо: 220 ХуваалцахТоймын төрөл: Магадлалын тойм
Шүүхийн нэр, магадлалын дугаар: Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2022.03.3-ний өдрийн дугаар: 10
Тоймын дугаар, огноо: №1, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой.
Агуулга: Иргэн Г нь сумын эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа 6 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг “байнгын асаргаа шаардлагатай”-г тодорхойлж, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, салбар комиссын хуралд оруулсны хариуд
хүүхдийн ээжээс 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон, прокуророос түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 6 настай Х нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхэд бөгөөд жил бүр комиссын хурлаар орж групп сунгуулж халамжийн тэтгэмж авдаг, мөн түүний асран хамгаалагч нь 2012 оноос асаргааны мөнгө авдаг үйл баримтууд тогтоогджээ.
Анхан шатны шүүх эмч Г-г “албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 3700000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.
Шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч нараас гаргасан “... 100000 төгрөгийн зарлага данснаас нь гараагүй, ... хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх зэрэг үндэслэлээр “хэргийг хэрэгсэхгүй болгох”, “цагаатгаж өгнө үү” гэх гомдлуудаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэж дүгнэв.
Учир нь, эмч Г нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдэд “байнгын асаргаа шаардлагатай болохыг тодорхойлсон бичилт хийж өгөх” үүрэгтэй этгээд бөгөөд, энэхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө түүний эхээс мөнгө авсан үйлдэл нь “хахууль авах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн түүнийг яллагдагчаар татах өдөр хүртэл тоолоход гурван жил өнгөрөөгүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13711?daterange=2022-03-01%20-%202022-
03-25&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа