ГОМДОЛ ГАРГАХАД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТООЛОХ ЖУРАМТАЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 227 Хуваалцах

Тоймын төрөл: Магадлалын тойм

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2022.01.11-ний өдөр, 01

Тоймын дугаар, огноо: №1 2023.01.11

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Иргэн Жав /нэр өөрчилсөн/ сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулаар 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,687,813 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Анхан шатны шүүх Жавыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдол гаргах” хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Жав уг шийдвэрийг эс зөвшөөрч “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Учир нь хэргийн баримтаас үзвэл, Жав нь анх 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр “2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны дундаж цалингийн зөрүү 8,553,843 төгрөг гаргуулах”-аар шүүхэд хандсан байна
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг анх шүүхэд хандсан 2019.04.29-ний өдрийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үе гэж үзэн үүнээс өмнөх болон хойших 3 сарын хугацааны илүү цагаар ажилласны хөлсийг шаардах эрхтэй, харин 2019 оны 1 дүгээр сарын 29-өөс өмнөх хугацааны хувьд хуульд заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэв.
Иймээс нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл илүү цагаар ажилласан хугацааны нэмэгдэл хөлс 1.118.426 төгрөгийг ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзлээ.

Шийдвэрийн холбоос: https://shuukh.mn/single_case/20235?daterange=2022-01-01%20-%202023-01-16&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа