ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
УЛСЫН ЯЛЛАГЧ “ШҮҮГДЭГЧИЙГ ГЭМ БУРУУГҮЙ” ГЭЖ ҮЗЭЖ ЯЛЛАХААС ТАТГАЛЗСАН БОЛ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙН ҮЙЛ БАРИМТ, ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР ДҮГНЭЖ БОЛОХГҮЙ
2023-01-25 Админ Хандсан тоо: 208 ХуваалцахТоймын төрөл: Магадлалын тойм
Шүүхийн нэр, магадлалын дугаар: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2023.01.17 өдрийн 06
Тоймын дугаар, огноо: №1 2023.01.25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: ИТХ-ын төлөөлөгч Э нь нэр бүхий төлөөлөгч нарт давуу байдал бий болгох зорилгоор “хахуул өгсөн” гэмт хэрэгт холбогдсон, прокуророос түүний үйлдлийг “хахуул өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн” гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар, яллагдагч Э нь тодорхой этгээдүүдийг сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад албан тушаалд томилуулах, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг олгуулах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О-д “ИТХ-ын хуралдаан дээр намаас гаргасан саналыг дэмжүүлэхээр 18,000,000 төгрөг өгсөн” гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүхэд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад улсын яллагчаар оролцсон прокурор нь шүүгдэгч Э-г “гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзсан”, шүүхээс шүүгдэгч Э-ийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй
болгож, Э-г цагаатгаж шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн эс зөвшөөрч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргахдаа “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э нь О-д сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд намаас гаргасан саналыг дэмжүүлэхээр 18,000,000 төгрөг өгсөн үйл баримт хөтөлбөргүйгээр тогтоогдсон” гэж хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгоно уу” гэжээ.
Прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь “цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй” гэж үзэв. Тодруулбал,
Улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүгдэгчийг “гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзсан” тохиолдолд, шүүх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тухайн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв юм.
Харин, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгдэгчийг яллахаас нэгэнт татгалзаж буй тохиолдолд шүүх цагаатгах тогтоол гаргахдаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж болохгүй, энэ тохиолдолд анхан шатны шүүх шүүгдэгч Э-ийн үйлдэл хөдөлбөргүй тогтоогдсон гэж, гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу, энэ нь эрүүгийн эрх зүйн “гэм буруугийн зарчимд” нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Гэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан “буруу” дүгнэлт нь уг цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын
дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn холбоосоор танилцах боломжтой.
Хураангуй бэлтгэсэн: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр